Шагайн харвааны үүсэл, хөгжил
Шагайн харваа нь хүн байгаль хоёрын шүтэлцээг өөртөө агуулсан, нүүдэл суурьшлын зохицохуйд оршиж чаддаг, нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг хамгийн бага хөрөнгө зардлаар олон мянган хүнийг нэгэн зэрэг наадан цэнгүүлж болдог үндэсний соёлын үнэт өв юм.
Зэрлэг ан амьтдыг гаршуулж гэриийн тэжээвэр болгон таван хошуу мал сүргийг амьдралын эх суурь болгон эрхэлж, хөтөлж ирсэн тэр үеэс нүүдэлчдийн соёл иргэншлийн их түүх эхэлдэг. Уламжлалт бэлчээрийн малтай нүүдэлчин овог аймгуудын дунд малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн авч амьдрал ахуйдаа хэрэглэж ирсний дотор ялангуяа хүнсэнд хэрэглэсэн малынхаа мах, арьс, нэхий, яс зэрэгт маш хүндэтгэлтэй хандаж эрүүл мэндээ нөхөн сэргээх, эрхлэн тоглох наадам цэнгээний чухал хэрэгсэл болгон ашиглаж ирсэн уламжлалтай. Үүний нэг жишээ нь мал болон зээрийн шилбэнд байдаг дөрвөн бэрхийн буулт бүхий жижигхэн ясыг “шагай” хэмээн нэрлэж түүнийг гэрийн тоглоом наадамд хэрэглэх арга ухааныг сүвэгчлэн бүтээсэн төдийгүй хүн ардынхаа ёс зан заншил, ой ухааныг хөгжүүлэх, бие биедээ хүндэтгэлтэй хандах харилцааны өндөр соёлыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байна.
Шагай шүүрэх, шагай няслах, шагай таах, богцог няслах зэргээс салбарлаж гарсан “Шагайн харваа” наадам нь Гурван голын эхээр нутаглаж байсан Хамаг Монголын олон овог аймгуудын дунд хүчтэй түгэн дэлгэрч байсныг түүхийн зарим эх сурвалжуудад тов тодорхой тэмдэглэн үлдээсэн байдаг. Сурвалж бичгүүдэд, Харвах намнахдаа мэргэн Халх монголын эрчүүд Хана Хасаа өрж Харваа,цэц мэргээ сорьдог байжээ гэсэн нь Гурван голын сав нутгийн эрчүүд ав ан хомрогод мордох, цэрэг дайны бэлтгэл хангах цугларалтынхаа үед шагай харваж наадан, отог овгоороо багшин нэгдэж бие биедээ хүндэтгэл үзүүлж урам хайрлах ур ухаанаа дэлгэрүүлж байсны гэрч билээ.
Шагай харваж наадах дэг горим нь нэг баг 7-9 эрчүүдээс бүрдэх ба тоглож буй хоёр баг 30 хасаа өрж 9 тохой зайнаас нийллэг, шувтарга, гоц мэргэ гэсэн үеүдэд баг тус бүрээс 2 харваач сууж тус бүр 4 сум тавьж 3 өрөг харваж нэг нь нөгөөгөөсөө таван хасаа татаж чадсан тохиолдолд хожил тооцдог журамтай. Ингэж тоглох явцдаа тухайн 2 баг дундын сайхан уухайгаар хүндэтгэл илэрхийлж бас урам хайрлан оноо цэц мэргийг нь улам анхиулдаг юм. Шагайн уухай нь бүс нутгийн түмэн олны зан үйл, соёл, хэв маягаас үүдэлтэй дөрвөн чиглэлд хуваагддаг.
- Төв халхын угалз уухай
- Боржигон уухай
- Зуутын идэрийн уухай
- Баруун монгол буюу Дархад уухай гэж төрөлжүүлэн ардын язгуур урлагийн төрөлд багтаан үндэсний соёлын үнэт өв хэмээн үздэг байжээ.
Манай нэрт яруу найрагч, төрийн соёрхолт Р.Чойном Монголынхоо тухай нэгэн шүлэгтээ, Монгол гэдэг чинь
Адууны үнэртэй халхын талд байдаг юм
Агар зандан хашлаганаас тавих сумны уухайнд байдаг юм
Айраг найрын хуа дэмбээнд байдаг юм гэж яруу сайхнаар дүрсэлж адуу, шагай, айраг гурваар аугаа монголын дүр төрхийг холын хүний сэтгэлд хүргэж байсан байна.
Төв болон баруун аймгуудад Шинийн 3-ны дотор хотондоо шагай харвуулсан айлын мал тэр жилдээ өвчин эмгэггүй өсч үрждэг, түүнээс гадна шагайн харвааны сүрлэг сайхан уухайн дууг сонссон хүний хийморь сэргэдэг гэх мэтээр бэлэгдлийн өндөр ач холбогдол өгдөг.